"Өвчнөөс биш эмчээс айдаг байсан нь" - Дундад зууны үеийн оточ нарын тухай хачирхалтай баримтууд


Дундад зууны үед дэгдсэн тунгалгийн булчирхайн тахал буюу хар тахал нь 25 сая гаруй Европчуудыг авч одсоноороо түүхэн дэх хамгийн хөнөөлтэй халдварт өвчин болон үлдсэн юм. Тэр үед халдвар авсан л бол үхэхээс өөр замгүй байв. Цөхрөнгөө барсан иргэд “Тахлын эмч” гэгдэх шинэ эмч нарыг ажиллуулсан бөгөөд тэд 2-р зэргийн, залуу, туршлагагүй, зарим нь ямар ч мэргэжлийн зэрэггүй эмч нар байжээ. Тэд шувууных шиг урт хошуутай маск, том хар малгай, бүх биеийг нь халхалсан урт арьсан цув өмсөж, модон саваа барьж явах бөгөөд тахлын голомтод өртсөн нутагт очиж, нас барсан хүмүүсийн тоог тогтоодог байв. 
250 жилийн турш энэхүү хар тахалтай тэмцсэний дараа, 17-р зуунд эмч нарт зориулсан, халдвараас сэргийлэх хамгаалалтын хувцас бий болсон ч энэ нь төдийлөн тус болсонгүй. 
Тахлын эмч буюу Medico della Peste-ийн үндсэн үүрэг нь өвчтөнүүдийг эмчлэхээс илүүтэй тахлаар өвчлөгчдийн тоог тогтоох, цогцсыг задлан шинжлэх, нас барсан болон удахгүй үхэх нь тодорхой болсон иргэдийн гэрээслэлийг бичих, гэрчлэх гэх мэт ажлуудыг хийх байв. Иргэд төдийгүй эмч нар яг яагаад тахал дэгдсэн шалтгааныг мэдэж чадаагүй ч 17-р зуунд тахал агаараар дамжин тархаж байна гэсэн онолд тэд бодитой хандах болжээ. Энэ үеэс өмнө тахлын эмч нар төрөл бүрийн хамгаалалтын хувцас өмсдөг байсан ч 1619  онд Францын хаан 13-р Луйгийн ерөнхий оточ Шарль де л'Орм энэхүү хувцсыг зохиох хүртэл аль нь ч тус болохгүй байсан юм. "15 см урт, шувууны хошуу хэлбэрийн хамартай бөгөөд дотор нь дүүрэн үнэртэн чихсэн байна. Урт цувны дотуур ямааны арьсан гутал, мөн адил арьсаар хийсэн малгай, бээлий өмсөнө.." хэмээн Шарль де л'Орм бичиж үлдээжээ.
Өвчтэй хүнээс ялгарч буй уур халдвар тараадаг гэж үзэж байсан тул тус хувцсыг толгойноос хөл хүртэл битүү байхаар, мөн цув, бээлий, малгай, гутал гээд бүгдийг нь арьсаар урлаж байв. Мөн хүний биеийн шингэнийг шингээх зориулалттайгаар хувцсыг зэрлэг амьтны өөхөөр тосолдог болжээ. Харин арьсан бүрх малгай нь тэднийг эмч гэдгийг илтгэнэ.Эмч өвчтөнүүдтэйгээ харьцаж, үзлэг хийж, хааяа хүнд өвчтөнөөс сэргийлэхийн тулд урт модон саваа авч явдаг байсан. Зарим тохиолдолд өвчтөн тахлыг бурхнаас илгээсэн шийтгэл хэмээн итгэж, нүглээ наманчлахын тулд эмчийн саваагаар зодуулах ёстой гэж үздэг байж. 
Тахал тархсан, муухай үнэртэй агаараас сэргийлж эмч нарын маскны хошуунд гахайн мах, гаа, хумс сармис, эмийн ургамал зэрэг хурц үнэртэй зүйлсийг холин чихдэг байжээ.

Comments